Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -38...-43 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -31...-36 градус, Их нууруудын хотгор, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -27...-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -23...-28 градус хоносон. Дорнод аймгийн нутгаар цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор -18...-23 градус, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14...-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

Гал түймэр: Объектын түймэр:

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 34 дүгээр хороо, Баянголын-Аманд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 19:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 20:07 цагт очиход ил задгай хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 20 дугаар хороонд арьс шир угаах үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 07:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 07:11 цагт очиход иргэн А-ийн 2000 м2 арьс шир угаах үйлдвэрийн 20 м2 арьс шир угаах өрөөнд цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

- Дорнод аймаг, Баянтүмэн сум. Хотонт багийн “Өвөрхудаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/-т 02.19-ний өдрийн 12:30 цагийн орчим малчин Г, О нарын 5 ханатай 2 гэр бүрэн шатсан тухай мэдээллийг 02.28-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 02.28-ны өдрийн 13:00 цагт гарч 50 км замыг туулан 13:45 цагт очиход малчин О, Г нарын 5 ханатай хоёр гэр бүрэн шатсан байсан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 27 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 12:01 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 12:12 цагт очиход иргэн С-ын 4х6 метрийн хэмжээтэй модон эдлэлийн үйлдвэрлэл явуулдаг байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

- Төв аймаг, Зуунмод сум. Баянхошуу багийн 15 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 13:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:08 цагт очиход иргэн И-ын 9х8 метрийн хэмжээтэй байшин, үүдний амбаарын хамт шатаж байсныг 43 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн И/64 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг цогцсыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

- Дорноговь аймаг, Сайншанд сум. 8 дугаар багийн Найрамдлын морины зүчээний задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 13:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 14.5 км замыг туулан 13:48 цагт очиход иргэн Т-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 17 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 6 дугаар хороо, Тоосгоны 31 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 17:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:42 цагт очиход иргэн О-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, тааз шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 6 дугаар хороо, Нүхтийн 28 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 17:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 17:48 цагт очиход иргэн Х-ын 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 4х4 метрийн хэмжээтэй үүдний амбаар тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 5 дугаар хороо, яармагийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 18:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 18:48 цагт очиход иргэн О-ын 12х15 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн дотор хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол. Цасанд суусан: 

Төв аймаг, Эрдэнэ сум. Чулуут багийн “Хөөргийн бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 103 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т “Бонго-3” загварын ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 02.28-ны өдрийн 15:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэх хайх, аврах бүлгийн алба хаагчид 20 км замыг туулан 18:50 цагт очиход иргэн З-ийн "Бонго-3" загварын ачааны автомашин цасанд суусан байсныг 10 минут ажиллаж татан гаргасан.

- Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Хөндлөн хайлааст багийн “Хар-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км, сумын төвөөс баруун урд зүгт 20 км/-т “Портер” загварын ачааны автомашин цасанд сууж, бензингүй болсон тухай дуудлагыг 02.28-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 20 км замыг туулан 22:47 цагт очиход иргэн С-ын  “Портер” загварын ачааны автомашин цасанд сууж хөдөлгөөн үйлдэх боломжгүй байсан тул автомашиныг үлдээж, зорчиж явсан хоёр том хүн, нэг хүүхдийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах