ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ
Түүхэн баримтаас үзэхэд эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд бүхэлдээ болон хэсэгчилсэн байдлаар байгалийн гамшигт нэрвэгдсээр ирсэн байдаг. Тийм ч учраас манай улсын хувьд байгалийн гамшигтай тэмцэх асуудлыг өнгөрсөн зууны тавь, жараад оны үеэс эхлэн төрийн бодлогын хэмжээнд авч үзэх болсон байна.
Энэ нь Монгол Улсын Иргэний хамгаалалтын албаны эхлэлийг тавьсан байгууллагуудын гүйцэтгэх үүрэгт байгалийн гэнэтийн аюултай тэмцэх талаар удаа дараа тусгаж өгч байснаас харагдана. Харин Иргэний хамгаалалтыг дайсны үй олноор хөнөөх зэвсэг, довтолгооны бусад хэрэгслээс хамгаалах зорилгоор зохион байгуулж байсан дал, наяад онд байгалийн гэнэтийн аюулт үзэгдэл, үйлдвэрлэлийн осолтой тэмцэх арга хэмжээг Иргэний хамгаалалтын “тайван цагийн үүрэг” гэж үздэг байжээ.
Энэхүү тайван цагийн үүрэг зорилтыг улам тодорхой болгох, үйл ажиллагаагаа байгалийн гамшиг, ослын аюулаас авран хамгаалахад чиглүүлэх шаардлага тулгарах болж, зайлшгүй өөрчлөлт, шинэчлэлийн суурь тавигдсан нь 1990-ээд он.
Хүний нийгмийн хязгааргүй хэрэглээ, хөгжил, тэлэлт байгаль дэлхийг хайр найргүй сүйтгэсний хариуг байгаль өөрөө барьж эхлэв. Гамшиг осол, дэлхий дахинаа аюулын харанга дэлдэх үзэгдэл олширч буйд олон улс цочирдож, энэ талбарт шинэ хандлага нэгэнт бий болов. Тэрчлэн дэлхийн хэмжээнд улстөрийн уур амьсгалын дулаарал эхэлж, социалист орнуудын батлан хамгаалах бодлогод өөрчлөлт гарч эхэлсэн байна. Монгол Улсын хувьд ч улс орноороо шинэ тогтолцоонд шилжих өөрчлөл байгуулалтын замд буцалтгүй орсон байлаа. Энэхүү нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжих түүхийн хариуцлагатай цаг үед бүх салбарт өөрчлөлт шинэчлэлийн уур амьсгал орсон нь Иргэний хамгаалалтын байгууллагыг тойроогүй юм.
Төрөөс батлан хамгаалах талаар баримтлах бодлого, чиглэл өөрчлөгдөхийн зэрэгцээ манай орны хэмжээнд тохиолдох байгалийн аюулт үзэгдэл, гамшиг осол, хүн малын гоц халдварт өвчний гаралтын тоо, хамрах хүрээ, хохирлын хэмжээ жилээс жилд өссөн зэргээс Иргэний хамгаалалтын байгууллага үйл ажиллагаагаа дэлхий нийтийн жишигт ойртуулан нийцүүлэх, Иргэний хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага зүй ёсоор тавигдсан байна.
Ингээд Улсын иргэний хамгаалалтын газрын даргын 2001 оны 15 дугаар тушаалаар Засгийн газрын тохируулагч агентлаг Иргэний хамгаалалтын газрын өнөөгийн байдлын оношлогоо, шинжилгээ, дүгнэлт, ирээдүйн дүр төрхийг тодорхойлох төслийн багийг томилон ажиллуулжээ. Тус төслийн багийн ахлагчаар Иргэний хамгаалалтын газрын хэлтсийн дарга, хурандаа О.Намхай ажиллаж, гишүүдэд Ж.Энхбаяр, Г.Дашдаваа, Л.Пүрэвдорж, Б.Дорждагва, М.Сүхбаатар, Ш.Даваажав, Я.Жаргалсайхан, С.Содгэрэл, одоогийн ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, үндэсний зөвлөхөөр Засгийн газрын ахлах референт Э.Сумьяа нар ажиллажээ.
Улмаар төслийн багаас гаргасан судалгааны тайланд үндэслэн Гамшгийн удирдлагын тухай хуулийн төсөл боловсруулагдаж, 2001 оны 12 дугаар сард Төрийн ордонд “Монгол Улсад гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх менежментийн тогтолцоог боловсронгуй болгох нь” үндэсний бага хурал анх удаа зохион байгуулагдаж, гамшгийн удирдлагын шинэчлэлийг хийх талаарх цогц асуудлыг хэлэлцэж, гамшигтай тэмцэх бие даасан байгууллага бий болох суурь тавигдаж эхэлжээ.
Гэхдээ энэхүү шинэчлэлт өөрчлөлтийн зам шулуухан, дардан байсангүй. Энэ тухай хошууч генерал О.Үржин нэгэнтээ “Шинэ хуулийн төсөл хэлэлцүүлэгдэх явцад Ж.Гүррагчаа сайд Иргэний хамгаалалтын газартай Галын байгууллагыг нэгтгэх хэрэгтэй гэсэн санал хэлж байсан бол Ерөнхий сайд Н.Энхбаяр Улсын нөөцийн газрыг оруулах нь зүйтэй гэж энэ гурван байгууллагын зангилаа гарсан. Байнгын хорооны хурал дээр М.Далайхүү гишүүн цэргийн цолыг яах юм бэ гэсэн асуулт тавьж, хурал даргалж байсан Байнгын хорооны орлогч дарга Д.Базарсад цолтой байхаар асуудлыг авч гарч байсан” хэмээн дурссан байдаг.
Харин Улсын Их Хурал “Гамшгаас хамгаалах тухай” хуулийг 2003 оны 6 дугаар сарын 20-нд батлан гаргав. Тус хуулийг хэрэгжүүлснээр гамшгаас хамгаалах эрхзүйн орчин, байгууллагын бүтэц, чиг үүрэг, зохион байгуулалт, Засгийн газрын бүтцийн хүрээнд эзлэх байр суурь, үйл ажиллагааны хэрэгжилт, эдийн засаг, гадаад харилцаа зэрэгт олон эерэг өөрчлөлт гарчээ.
Ийнхүү өнөөдрийн Онцгой байдлын алба бий болж, даян дэлхийн ижил төрлийн байгууллагатайгаа хөл нийлүүлэн алхах эрх зүйн үндэс нь тавигдсан байна. Түүхийн дэлгэрэнгүйг /Хөгжил дэвшлийн 15 жил/ номноос харна уу.